card

ӨВӨР МОДОТ 1-Р БАГ

Хужирт сумын Өвөрмодот 1-р баг нь хуучнаар Дулааны 5-р баг ,Их бүрдний 1-р багийн нутаг Хужирт сумын зүүн, зүүн урд, урд талыг хамарсан 70000 га газар нутагтай, 450 гаруй өрх, 1500 гаруй хүн амтай, 100 гаруй мянган малтай хөдөөгийн томоохон багуудын нэг байж байгаад Аймгийн ИТХ-ын 2012 оны 07-р сарын 04-ний өдрийн 74-р тогтоолоор хоёр баг болон хуваагдаж 30000 гаруй га газар нутагтай, 225 өрх, 756 хүн амтай, 28161 толгой малтай бөгөөд хойд , зүүн хойд , зүүн талаараа өөрийн сумын 6-р багтай урд талаараа Өлзийт сумтай , баруун  урд талаараа Зүүнбаянулаан сумтай, баруун талаараа өөрийн сумын 2-р багтай хиллэн оршдог засаг захиргааны нэгж билээ.

ӨВӨР МОДОТ 1-Р БАГИЙН ЗАСАГ ДАРГА

БАТДЭЛГЭРИЙН ПАГАМДУЛАМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 Б.Пагамдулам 1988 оны 10 сарын 20 нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд Батдэлгэрийн ууган охин болон мэндэлсэн.Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж , 1996- 2006 онд Хужирт сумын ЕБС,2006 ХААИС-д элсэн орж малын их эмч мэргэжилээр суралцан  2007 онд ОХУ-ын УЛАН –ҮДЭ хотын Хөдөө аж ахуйн академыг малын их эмчээр шилжин суралцан, 2012 онд ХААИС-ыг төгссөн.2013 оноос Өвөрхангай Хужирт сумын “Гуа-Харз” мал эмнэлэгт малын эмч, 2016 оны 12 –р сараас багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

УУЖИМИЙН 2-Р БАГ

Хужирт сумын  “Уужим”буюу 2-р баг нь 1956 онд тус аймгийн Зүүнбаянулаан сумаас тасарч, Хужирт сумын 7-р багийг үүсгэснээр өдийг хүрээд байна.2-р баг нь 4010 га газар нутаг дэвсгэртэй, баруун урд талаараа Зүүнбаянулаан сум,баруун талаараа Бат-өлзийн сум, Зүүн ба зүүн урд талаараа өөрийн сумын Бэрх, Өвөрмодотын багтай хил залган оршдог.Тус багийн хилийн дээс нь Орхон голын Таванбулаг гэх газраас эхлэн Орхон голын урд хөвөөг эмжээрлэн явсаар Бага мухдаг уулын хярыг барьж хэцлэн Бөхөн шарын даваа,Баатарын даваагаар дамнаж Их, бага Сумт уулын хэцээр хиллэж, Цувираагийн Зөрүү гэдэг газар орж Их цагааны нурууг зүүн тийш дамнан хойш эргэж, Балцруугийн хэцийг барьж , Шивээт уулын оройгоор хойш явсаар Таван булаг хүртэлх газар нутгийг хамаардаг байна.Уужим баг нь сумынхаа ойн дийлэнх буюу 65-70 % -ийг эзэлдэг.

УУЖИМИЙН 2-Р БАГИЙН ЗАСАГ ДАРГА СУГАРЫН САМДАНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

С.Самдан нь 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хужирт сумын төрөх эмнэлэгт Сугарын том хүү болон мэндэлсэн. Ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2003 онд тус сумын ЕБС-д элсэн суралцаж 2013 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2013 онд ХААИС-д Зоо инженер технологи мэргэжлээр элсэн суралцаж 2017 онд сургуулиа амжилттай төгссөн. 2017 оны 12 дугаар сарын 20-нд Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцэн ЗДТГ-т Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 11 дүгээр сарын 01-н хүртэл ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 1-ээс Уужим 2 дугаар багийн Засаг даргаар сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Тус сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт ажиллаж байх хугацаандаа идэвх зүтгэл гаргаж ажлын амжилтаар 2019 онд 4 дүгээр байр, 2020 онд 2 дугаар байр, 2021 онд 1 дүгээр байрыг тус тус эзэлсэн. Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн хамтран зохион байгуулсан Төрийн жинхэнэ албан хаагчийг мэргэшүүлэх анхан болон дунд шатны сургалтад тус тус суралцаж амжилттай төгссөн. Ажиллаж байх хугацаандаа эзэмшсэн мэргэжлээ нарийсган, бод, бог малын зохиомол хээлтүүлгийн сургалт, ангилагч шинжээчийн сургалтад тус тус хамрагдаж амжилттай төгссөн. 

БЭРХ 3-Р БАГИЙН ТҮҮХ

Анх Монгол улсад сум нэгдэл үүсч хөгжсөн үеэс эхлэн Хужирт сумын хойд зах Маанийн даваагаас урагш Баруун Хужирт, Шагшаа , Шуувай, Хадат, Жаргалант ,Их уньт, Бага уньт, Сайрт, Шивэрт, Мойлт, Бэрх, Ар  бөөрөг, Таван булаг зэрэг нутаг хүн ам , өрхийг хамаруулж 4-р баг бригад гэж нэрлэн байгуулагдсан түүхтэй.Анхны багийн  даргаар Гончигийн Дамдин ажиллаж байгаад Лувсангийн Осорхуяаг, Онолтын Осор нь  /дэнх / ,Жамьянгийн Бат-очир, Жамбалын Гомбо нар, 1958 онд 3-р бригад болж бригадын даргаар Цэнджавын Мандаа , Цэндсүрэнгийн Цэнрэндорж Санжаагийн Банзар нар , 1992 онд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Бэрхийн 3-р баг болж багийн даргаар 1992-1996 онд Сандангийн Дүгэржав, 1996-2004 Сүхийн Цэрэнсоном , 2004 оноос эхлэн Дашдондов овогтой Галиндэв ажиллаж байна.

БЭРХ 3-Р БАГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨМӨРИЙН ДАВААДОРЖИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Т.Даваадорж нь 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шороон могой жилд  малчин ард Сүхийн Төмөрийн 2 дахь хүү болон мэндэлсэн. Ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага насаа малчин эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1998 онд Хужирт сумын ЕБС-д элсэн орж 2008 онд төгссөн. 2009-2010 онд БХИС-ийг ЗХ-ний 029 дүгээр ангид цэргийн алба хааж, 2013-2016 онд ЭЗҮИС-ийг Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2013-2021 оны 11 сар хүртэл ИНХ-ын даргаар 2 удаа сонгогдон ажилласан. 2016 оноос одоог хүртэл ИТХ-ын Бэрх 3 дугаар багийн төлөөлөгч болон багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.

ШИВЭЭТ 4-Р БАГИЙН ТҮҮХ

Шивээт 4-баг нь 1958 оноос Хорооны зохион байгуулалтанд орж, Хужиртын голын баруун хэсэгт 1,3 хороодоос үүссэн анхан шатны нэгж юм.1992 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн дагуу Шивээт 4-р баг болж , анхны багийн Засаг даргаар Ц.Балжинням 1992-202-2002 он, С.Аюур 2002-2011 он , 2011 оноос Д.Батбаяр нар сонгогдон ажиллаж байна.Багийн ИНХурлын  даргаар Ж.Цэцэгмаа , багийн эмчээр Д.Оюунцэцэг ажиллаж байгаад өндөр настаны  тэтгэвэрт гарч, одоо Д.Сангицадмаа ажиллаж байна.Шивээт 4-р баг нь Сумын төв хэсэгт байрлаж , баруун талаараа Уужим 2-р багтай ,хойд талаараа Бэрх 3-р багтай , зүүн талаараа Дулаан 6-р багтай , урд талаараа Шунхлай 5-р багтай хиллэн оршиж 5600 га газар нутагт 378 өрх , 1311 хүн ам, 16662 малтай, дэд бүтэц өндөр хөгжсөн засаг захиргааны нэгж болон хөгжиж байна.

ШИВЭЭТ 4-Р БАГИЙН ЗАСАГ ДАРГА ДОРЖЫН БАТБАЯРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.

1984 онд Хужирт суманд төрсөн.Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Цэрэннадмид ЗДТГ- т татварын улсын байцаагчаар ажилладаг.Д.Батбаяр нь 2002 онд Хужирт сумын ЕБС, 2006 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч, бизнеснийн удирдлага мэргэжлээр төгссөн.2007 оноос  Хужирт сумын ХААН банкинд теллер, эдийн засагчаар ажиллаж байгаад 2011 оны 5-р сараас Шивээт 4-р багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.2013-2014 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх төрийн алба удирдлагын сургууль, удирдлагын акедемийг нийгмийн удирдлагаар төгссөн.2007 онд МАН-д гишүүнээр элссэн.2010 оноос Хужирт сумын НАМЗХ-ны даргаар, 2011 оноос Хужирт ажнай морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, 2012 оноос Хужирт сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.2015 онд Хужирт сумын  “Алдарт уяач” цолоор тус тус шагнагдсан.

ШУНХЛАЙ 5-Р БАГ

Хужирт сумын Шунхлай 5-р баг1958 онд хорооны зохион байгуултанд  орж голын зүүн талдаа 1,2,4-р хороо, голын баруун тал нь 5 хороодоос бүрдсэн анхан шатны нэгж үүссэн байна.Үе үеийн хорооны даргаар Ц.Борис,П Вектор, Б.Жамъянжав , Ч.Доржхорлоо ,Г. Энхбаатар , Лхагва , С.Товуудорж нар ажиллаж байсан.1992 онд Монгол улсын Засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Шунхлай 5-р баг болж анхны багийн Засаг даргаар Ц.Магсаржав ажиллаж байсан.Тус баг нь 6700 га  газар нутаг дэвсгэртэй, 459 өрх, 1551 хүн амтай ,13650 толгой малтай, нийт 199 малтай өрхтэй үүнээс 80 малчин өрхтэй, БИНХ-ын даргаар Т.Баярцэрэн ,Багийн Засаг даргаар Ц.Лхамролом , Багийн эмчээр Б.Алтанцэцэг нар ажиллаж байна.

 

ШУНХЛАЙ 5-Р БАГ ЗАСАГ ДАРГА Ц.ЛХАМРОЛОМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.

Ц.Лхамролом 1985 оны 06-р сарын 12 нд Хужирт суманд төрсөн.1993-2003 онд Хужирт сумын ЕБС,2003-2007 онд “Улаанбаатар их сургууль”-ийг түүх нийгэм судлаач , орчуулагч мэргэжлээр төгссөн.Ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.2008-2011 онд Шунхлай 5-р багийн  Иргэдийн нийтийн хурлын даргаар ,2011 оноос хойш Шунхлай 5-р багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна.2014 онд Аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнагдсан.Шунхлай 5-р багийн МАН-ын Үүрийн дарга.2012 оноос Хужирт сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

ДУЛААН 6-Р БАГ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 07-р сарын 04 –ний 74 тогтоолоор Дулаан 6-р баг нь 27,5 мянган га нутаг дэвсгэртэй, 217 өрх, 804 хүн амтай, 33163 толгой малтай Дулаан 6-р баг нэртэйгээр Өвөрмодот 1-р багаас тусгаарлаж 2013 оны 07-р сарын 30 нд Асгатын энгэр гэх газар байгуулагдсан.БИНХурал зарлан нууц санал хураалт явуулж Цагаанбямбын Амгаланг багийн Засаг даргаар сонгож, БИНХ-ын даргаар Нэргүйн Доржиймааг сонгосон.Дулаан 6-р баг нь нутаг дэвсгэрээр өөрийн сумын Өвөрмодот 1-р баг, Шунхлай 5-р баг,Бэрх 3-р баг,Хархорин сумын Шанх баг, Есөнзүйл сумын Эрээн баг, Өлзийт сумын 4-р багтай хиллэн оршиж байна.

 

ДУЛААН 6-Р БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.АМГАЛАНГИЙН ТОВЧ  ТАНИЛЦУУЛГА

Ц.Амгалан нь 1982 оны 11-р сарын 10 нд Хужирт суманд  малчин Цагаанбямбын отгон хүү болон төрсөн.Ам бүл 4. Энхэр 2 хүүхдийн хамт амьдардаг.Эхнэр П.Гэрэлтуяа нь Хужирт сумын цаг уурын газар ажилладаг. 1989-1999 онд Хужирт сумын ЕБС, 2004 онд “Цагаан лавай” Багшийн дээд сургууль Англи хэлний багш, орчуулагч мэргэжлэр төгссөн.2005-2007 оны хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2007 оны 10-р сард Хужирт сумын ЗДТГ-т Архив бичиг хэргийн  ажилтанаар ажилласан. 2013 оны 11-р сараас 6-р багийн Засаг даргаар одоог хүртэл, 2012 оноос сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.2011 онд ЗДТГ-н тэргүүний ажилтан, 2014 оны Сумын 80-н жилийн ойн медаль, 2015 оны Сумын нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны “Алтан сарнай” шагналаар тус тус шагнагдсан.